Наадам

Наадаммонгол үндэстний зуны дэлгэр баяр, гурван төрөлт спортын тэмцээн юм.

Наадмын дэнж
2010 оны улсын наадмын нээлт. Наадамчин олон

Наадмыг 2010 онд ЮНЕСКО «Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалт»-д бүртгэн авчээ.[1]

Түүх

Монгол орны зун цаг эртнээс найр наадмын уламжлалтай байв. 13-р зууны МНТ-д бичигдсэнээр наадам “хуран сар”-д (долоодугаар сар) болдог байсныг тэмдэглэсэн. Чингисийн чулууны бичигт Чингис хаан Сартуул улсыг байлдан дагуулж буцах замд найрлахад Хасарын хүү Есүнгэ 500 алд газар харвасныг тэмдэглэсэн.

Долоон хошуу даншиг наадам

Жил бүр тогтмол явагдах болсон нь 1639 онд Өндөр гэгээн Занабазарт зориулсан даншиг наадмаас эхэлсэн. Ширээт цагаан нуурын энэ наадамд Бөх лам барилдан түрүүлж, Бонхор донир гэгчийн морь магнайлсан нь тэмдэглэгдэн үлджээ.

Арван засгийн наадам

1772 онд Хэнтий уулыг тахих их наадам болов. Үүнийг Арван засгийн наадам гэнэ. Алдаг оног хийдэг байсан Арван засгийн наадам 1912 оноос жил бүр хийгдэх төрийн наадам болов. 8-р Богд хаан нас барах хүртэл буюу 1925 он хүртэл Арван засгийн наадам төрийн наадам болов. Арван засгийн наадмыг нийт 125 удаа хийжээ.

Ардын төрийн наадам

Хурдан морь, унаач хүүхэд

1922 оноос Цэргийн наадам тэмдэглэх болов. Бургас цавчих зэрэг цэргийн чадвар урлагийн үзүүлбэртэй тэр наадмыг Богдыг хаан ширээнд дахин залсан ба "Ардын" засаг тогтсоныг тэмдэглэж зуны тэргүүн сарын 6-нд наадахаар заасан байжээ. Тэр жилийн Цэргийн ба Арван засгийн наадамд хоюуланд нь Вандан аварга түрүүлсэн. Бүгд Найрамдах Монгол Ард Улс тогтсоны дараа хоёр наадмыг хамтруулах шийдвэр 1925 оны 5-р сарын 15-нд Засгийн газрын хуралдаанаас гарч, наадмын товыг 7-р сарын 11 гэж заажээ. Энэ үеэс "Ардын наадам" гэж байгаад Монгол Улс олон улсад хүлээн зөвшөөрөгдсөнөөс буюу 1946 оноос хойш "Ардын хувсгал ялсны ой" гэж тодотгох болсон. 1951, 1961, 1971, 1981 оны наадам Ардын хувьсгал ялсны тэгш ой тохиосон учир их ач холбогдол өгч тэмдэглэж байсан.

Үндэсний их баяр наадам

1990 оноос хойш Монгол Ардын Хувьсгалт Нам, Ардчилсан Нам хоёр гол улс төрийн намууд наадмын тодотгол дээр сөргөлдөх болсон. 1996 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан хүчин ялснаар тэр жилийн наадам Монголын тулгар төр байгуулагдсны 790 жилийн ой гэж тэмдэглэгдэв. 2006 онд «Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ой» болгон тэмдэглэсэн. 2015 оны байдлаар Хүннү улс нэгдсэн оноос эхлэн наадмын тодотголыг албан ёсоор «Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ойн Үндэсний их баяр наадам» гэдэг урт нэртэй тэмдэглэх болсон байв.

Тэмцээн уралдаан

Бөх барилдах, морь уралдуулах, нум сум харвахыг дээр үеэс «Эрийн гурван наадам» хэмээн холбож нэрлэх болсон. Одоо "шагай харвах" төрөл нэмэгдээд дөрвөн төрлөөр нааддаг болоод байна.

Бөх барилдаан

Төв цэнгэлдэх хүрээлэн. Улсын наадмын бөх барилдаан.

Монголчууд хүүхдүүдээ бага наснаас нь бөх барилдаж өсгөдөг уламжлалтай байсан. Бөхийн барилдаан газар нутаг бүр адилгүй байна. Үүнийг ялгавал:

  • буриад бөх (буриадад үүсч хөгжиж буй, буриад үсгээр «бүхэ барилдаан» гэнэ)
  • бух ноололдоон (дундад зууны ойрадын дунд дэлгэрч байсан, одоогийн барилдаануудад зай тавьж мөхсөн барилдаан)
  • Халх бөх (Монголд «үндэсний бөх» гэдэг; дундад зууны халхад үүсч хөгжсөн, одоо Монгол улсын үндсэн барилдаан)
  • Үзэмчин бөх (эртнээс үзэмчинд хөгжиж дэлгэрсэн, «үзэмчин бөх», «зангиат бөхийн барилдаан» гэж бас хэлнэ)
  • халимаг бөх (дүрэм нь бух ноололдооноос гаралтай, өмсгөл нь чөлөөт бөхөөс авсан шинээр хөгжиж буй барилдаан)

Морин уралдаан

Хурдан морины уралдааны бариа

Монголчууд эртнээс морийг гаршуулж аж ахуйдаа өргөнөөр хэрэглэж ирсэн тул моринд эрэмгий, морины нуруун дээр сандайлж дэлхийд мөрөө тамгалсан ард түмэн билээ.

Хурдан морийг эрхэмлэх бөгөөд "Сайн морь эзний чимэг, сайн эхнэр гэрийн чимэг"[2] гэж хэлдэг.

Хурдан морийг нас насаар нь уралдуулдаг уламжлалтай: Үүнд

  • Даага - 2 настай
  • Шүдлэн - 3 настай
  • Хязаалан - 4 настай
  • Соёолон - 5 настай
  • Азарга - 7-оос дээш настай буюу Нас гүйцсэн
  • Их нас (Бүдүүн морь) - 7-оос дээш настай буюу Нас гүйцсэн

Мөн:

  • Жороо - сайхан явдалтай морины уралдаан.

Монгол нутгийн адуу холд тэсвэртэй бөгөөд нас насаар нь ялгаж 10-30 км газар уралдуулдаг.

Сур харваа

Улсын наадам. Сур харваа.

Монголчууд эртнээс ан гөрөө хийх, дайтахад дадсан, «Эрхийдээ эрчтэй»[3] мэргэн харваачид билээ.

Өдгөө энэ нь эгнүүлэн тавьсан сурыг алсын зайнаас нум сумаар онож харвах спорт болон өвлөгджээ. Хэд хэдэн янз байна:

  • Буриад харваа
  • Халх харваа (Үндэсний сур харваа)
  • Урианхай харваа

Шагай харваа

Монголчууд малынхаа үр шимийг хүртэн ирсэн түүхтэй. Сүү сааль, үс ноос, яс мах гээд бүгдийг хаялгүй ашиглаж ирсэний нэг нь шагай юм.

Шагайн наадгайны олон зүйлээс шагайн харваа энэ цагт наадмын нэгэн төрөл болжээ. Дотроо хэдэн янз байна:

  • Боржигин харваа
  • Халх харваа
  • Урианхай харваа

Газар газрын наадам

Монгол наадам

Монгол оронд зун цаг ирж, жил бүрийн долоодугаар, наймдугаар сар наадмын цаг, есдүгээр сар хурим найрын цаг болно.

Монгол улсад наадмыг зохион байгуулах комисс улс, аймаг, сумын наадмаа тус бүр зохион байгуулж ард түмэн цуглан баярладаг.

Монгол улсын наадам засаг захиргааны зохион байгуулалтай цол, зэрэг, чимэг нь уялдсан хууль дүрэмтэй байдаг.

Улсын наадам

Төв цэнгэлдэх хүрээлэн. 2006 оны Улсын наадмын нээлтийн тоглолт.

Улсын наадам жил бүрийн 7-р сарын 11-13-ны хооронд нийслэл Улаанбаатарт болно. Үүнд:

Тэмцээн Явагдах газар ОгнооУралдаан, шатӨрсөлдөгч
1Үндэсний бөхТөв цэнгэлдэх хүрээлэн7-р сарын 111-2-ийн даваа512 бөх (9 даваа), их ойн жил 1024 бөх (10 даваа)
7-р сарын 123-9-ийн даваа
2Хурдан морьХүй долоон худаг7-р сарын 10Шүдлэнгийн уралдаанНас бүрд 100-600 хурдан хүлэг
Дааганы уралдаан
7-р сарын 11Азарганы уралдаан
Их насны морины уралдаан
7-р сарын 12Соёлонгийн уралдаан
Хязаалангийн уралдаан
3Сур харвааСурын талбай7-р сарын 7Урианхай сурын харваа
7-р сарын 8Буриад сурын харваа
7-р сарын 9Хүүхдийн харваа
7-р сарын 11Үндэсний сурын хана харваа
7-р сарын 12Үндэсний сурын хасаа харваа
4Шагай харвааШагайн асар7-р сарын 10Хэсгийн харваа
7-р сарын 11Хагас шигшээ харваа
7-р сарын 12Шигшээ харваа

Улсын наадмыг 7-р сарын 11-ны өдрийн 11:00 цагт Монгол улсын Ерөнхийлөгч нээж үг хэлдэг. /Үндэсний Их баяр Наадмын тухай хууль/

Улсын наадмын хүрээнд Төрийн далбааг хүндэтгэх ёслол, Төрийн тугийг цэнгүүлэх ёслол, Дээлтэй монгол наадам, Уяачдын наадам, Урлагийн тоглолт, Тэмцээн уралдаанд шалгарсан бөх, морь, харваачдад улсын цол чимэг олгох, шан гардуулах ёслол болдог.

7-р сарын 11-13-ны өдрүүд орон даяар мөрдөх бүх нийтийн амралтын өдөр байна.

Төв аймаг. Угтаалцайдам сум.

Аймгийн наадам

Монгол улсын 21 аймаг 7-р сард орон нутгийн удирдлагын шийдвэрээр 2-3 өдөр товлож наадам хийдэг. Бөх барилдана, морь уралдана, сур харвана. Тэргүүлсэн бөх, морь, харваачдад аймгийн хэмжээний цол зэрэг гардуулж, бай шагнал өгдөг.

Сумын наадам

Монгол улсын 330 сум жил бүрийн 7-р сард нутгийн удирдлагын шийдвэрээр 1-2 өдөр товлож наадам хийдэг. Түрүүлж үзүүрлэсэн бөх, айрагдсан хурдан морь, байр эзэлсэн харваачдад сумын цол зэрэг, бай шан өгдөг.

Бусад наадам

Хятад улс дахь Монголчууд зун намрын дэлгэр цагт наадам хийнэ. Үүнээс хамгийн өргөн дэлгэр наадам Өвөр Монголд болдог.

Үзэмчин барилдаан нь Монгол улсад хөгжсөн Үндэсний бөхийн зодог шуудгаас өөр буюу хатуу ширэн зодог, хэлхгэр туухуу өмдтэй, малгайгүй. Цээж задгай байдгаараа адил. Найр наадамд олон түрүүлсэн бөхөд зангиа олгодог. Зангиагаа тайлахгүй барилдана.

Оросын монголчууд буюу буриадууд хоёр жилд нэг удаа олон улсын урлаг спортын Алтаргана наадам, халимагууд зарим жил бөх барилдаан зохиодог.

Америк, Өмнө Солонгос зэрэг олон оронд ажиллаж амьдрахаар гарсан монголчууд тухайн нутагтаа зун цагт цуглан бэсрэг наадам зохиодог.

Монгол туургатны наадам анх бөх барилдаанаар эхэлсэн бол шатар, бокс, урлаг, сайхан бүсгүй шалгаруулах тэмцээнээр хүрээгээ тэлсэн. Тус наадамд Монгол улс, Өвөр Монгол орон, Буриад орон, Халимаг орон, Тува орноос оролцдог бөгөөд наадмыг өөр өөр оронд, спортын төрөл бүр тусдаа ээлжлэн зохион явуулдаг.

Социалист БНМАУ-ын үед 1960-1990 оны хооронд олон төрлийн спорт оролцсон Бүх ард түмний спартакиад наадам зохиогдож байсан.

1990 оноос хойш Монголд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний ой, Монголын нууц товчооны 750 жилийн ой гэх мэт даншиг наадам болсон.

Цахим холбоос

 Commons: Наадам – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Лавлах бичиг