Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөл

Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөл буюу ЭЗХТЗ (Орос: Совет Экономической Взаимопомощи, СЭВ) – 1949-өөс 1991 хооронд Зөвлөлт Холбоот Улс тэргүүтэй социалист орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага.

Хамтын хүчин чармайлтыг нэгтгэх, зохицуулах замаар улс ардын аж ахуйг төлөвлөгөөтэй хөгжүүлэх, шинжлэх ухаан техникийн дэвшлийг түргэтгэж, аж үйлдвэр бага хөгжсөн гишүүн орныг үйлдвэржүүлэх, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, гишүүн орнуудын ард түмний амьдралыг дээшлүүлэхэд чиглэгдсэн байгууллага.

БНМАУ ба ЭЗХТЗ

БНМАУ 1962 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Эдийн Засгийн Харилцан Туслалцах Зөвлөлийн гишүүнээр элссэн. Социалист орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны гол хэлбэр болох ЭЗХТЗ-д элсэн орсноор Монголын геологийн салбар дахь хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж эхэлсэн юм. Таван толгойн коксждог нүүрс, Хөвсгөлийн фосфорит, Цагаан суваргын зэс молибдены орд газрыг зөвлөлийн гишүүн сонирхогч орнуудтай хамтран ашиглах асуудлыг боловсруулжээ. Эл хугацаанд Монгол Зөвлөлтийн хамтарсан “Монголсовцветмет” аж ахуйн газрыг 1973 онд нээн ажиллуулснаас гадна, манай орны нийгэм эдийн засгийн амьдралд өнөө хүртэл үр шимээ өгч буй “Эрдэнэт” үйлдвэр 1978 онд ашиглалтанд орсон юм. ЭЗХТЗ-ийн гишүүн орнууд болох БНБАУ, БНАГУ, БНПАУ, БНСРУ, БНУАУ, БНСЧСУ-ын тусламжтайгаар мах комбинат, нэхий, нэхий эдлэлийн үйлдвэр, шилэн дарлага бүхий хүнсний ногооны газар, жимс, ногооны цогцолбор, биокомбинат, оёдлын үйлдвэр, гүн хэвлэл, хивсний үйлдвэр, мод боловсруулах комбинат, хөнгөн бетоны завод, царууц тоосго, шохойн үйлдвэр, автомашины засварын газар, мебель картон үйлдвэрлэх фабрик, гутал, арьс ширний үйлдвэр, цементийн завод, Улсын клиникийн төв эмнэлэг зэрэг нийгэм соёлын олон газруудыг барьж байгуулсан билээ.