Жованни Боккаччо

Жованни Боккаччо (Итали: Giovanni Boccaccio, 1313 оны 6 сарын 16 - 1375 оны 12 сарын 21) нь Италийн зохиолч, яруу найрагч, Петраркын урсгалыг дагагч, Сэргэн мандалтын үеийн хүмүүнлэг үзэлтний гол төлөөлөгчдийн нэг юм. Боккаччо Декамерон, Алдартай эмэгтэйчүүд зэрэг олон алдартай бүтээл туурвисан. Боккаччо гол бүтээлүүдийнхээ ихэнхийг төрөлх итали хэлнийхээ аялгуугаар бичсэн бөгөөд мөн латин хэлээр ч бүтээлээ туурвиж байв. Ялангуяа тэрбээр бодит харилцан ярианд онцгойлон анхаардаг байсан нь ихэвчлэн дүр, үйл явдлын тогтсон загварыг дагадаг байсан, тэр үеийн зохиолчдын хэв маягаас ялгардаг.

Намтар

Боккаччогийн төрсөн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл тодорхойгүй. Түүнийг Флоренц хотод, эсвэл түүний гэр бүлийнхний уг гарвал нутаг болох Черталдо хотын ойролцоох тосгонд төрсөн гэж үздэг. Тэр Флоренцийн худалдаачин Боккаччино ди Челлино болон үл мэдэгдэх эмэгтэйн хүү болон хорвоод мэндэлсэн бөгөөд эцэг эх хоёр нь гэр бүлээс гадуур харилцаатай байсан байх магадлалтай. Түүний хойд эхийг Маргарита де Мардоли гэдэг байв.