Их үсрэлтийн бодлого (БНХАУ)

Их үсрэлтийн бодлого (хятад уламж. 大躍進, хялбар. 大跃进, пиньинь Dàyuèjìn, англи. Great Leap Forward) —1958-1960 онуудад БНХАУ-д хэрэгжүүлсэн эдийн засгийн болон улс төрийн бодлого. Тухайн үеийн БНХАУ-ын удирдагч Мао Зэдуны энэхүү бодлогоор аж үйлдвэрлэлийн баазыг бэхжүүлж эдийн засгийн огцом өсөлт гарна гэж хүлээж байсан боловч хятадын эдийн засаг, нийгэмд асар их хохирол учруулж ард түмэнд гай зовлон авчирсан бодлого болсон юм.

Их үсрэлтийн бодлогын үе

Их үсрэлтийн бодлогын үр дүнд 20-40 сая хүн өлсөглөнд нэрвэгдэж нас барсан явдал нь ХХ зууны нийгмийн хамгийн том аюул учруулсан гай зовлон болсон байна.

Өмнөх нөхцөл байдал

Их үсрэлтээс өмнө Хятадын түүхэнд хүнд хэцүү үйл явдлууд болсон байв. Улс орон удаан хугацааны дайны дараа аажмаар сэргэж, аж үйлдвэр сэргэж зохион байгуулагдаж байсан үе юм.

Энэ үед хэд хэдэн "шинэчлэлүүд" хийгдээд байсан - ялангуяа шашны байгууллага, янз бүрийн зан үйлийг хориглож, хэсэгчлэн нэгдэлжих хөдөлгөөн, жижиг тариачны фермүүд байгуулж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хуваарилалтыг төр хяналтандаа аваад байв. БНХАУ байгуулагдаад эхлээд ЗСБНХУ-ын туршлагыг дуурайх болсон улмаар зөвлөлтийн мэргэжилтнүүдийг авчирсан байна.

1953 онд Иосиф Сталин нас барж түүнийг дахин шүтэх явдлыг ЗХУКН-ын ХХ дугаар хурлаар Никита Хрущёв шүүмжилсэн юм. Мао энэхүү шүүмжлэлийг эсэргүүцэж БНХАУ, ЗХУ хоёрын хооронд зөрчилдөөн үүссэн байна.

ХКН-ын төв хэвлэл «Жэньминь жибао» сонины 1957 оны 11-р сарын 13-ны өдрийн дугаарт анх удаа « Аж үйлдвэрлэлийн фронтод Их үсрэлт гарлаа» гэх нийтлэл хэвлэгдсэн байна.

Энэ бүхний ард олон улсын харилцаанд 1956 оны Унгарын бослого, Суэцын сувагийн хямрал, Ирак улс байгуулагдсан, 1959 онд Төвөдийн бослого, 14-р Далай лам Энэтхэг рүү дүрвэж хятад-энэтхэгийн харилцаа муудах зэрэг үйл явдлууд ар араасаа цуварсан юм.