Лорд

Ella Marija Lani Yelich-O'Connor буюу Элла Мария Лени Елик-О'Коннор нь (1996 оны 11 сарын 7-нд төрсөн), Лорд (Lorde) хэмээх тайзны нэрээрээ уран бүтээл туурвидаг, Шинэ Зеланд гаралтай дуучин, дуу зохиогч, продюсер юм. Тэрбээр түлхүү поп, альтернатив, электропоп урсгалын хэв маягтай.

Лорд
Лордын зураг
Лорд 2021 онд
Төрсөн
Элла Мария Лени Елик-О'Коннор

1996 оны 11 сарын 7 (1996-11-07) (27 настай)
Акланд, Шинэ Зеланд
Иргэншил
  • Шинэ Зеланд
  • Хорват
Мэргэжил
Идэвхтэй2009–одоог хүртэл
ШагналуудБүтэн жагсаалт
Хөгжмийн карьер
Хөгжмийн урсгал
  • электропоп
  • алтернатив поп
  • инди поп
  • арт поп
Студи
  • UMG
  • Lava
  • Republic
Цахим хуудасlorde.co.nz

Лорд багаасаа л дуу бичих, дуулах сонирхолтой байсан ба анх 2009 онд Universal Music Group (UMG)-д элсэн, 2011 оноос продюсер Жоэл Литтлтэй хамтран дуу зохиож эхэлжээ. 2013 онд анхны сингл "Royals" дуугаа цацсан нь дэлхий даяар хит болж, АНУ-ын Billboard Hot 100 чартыг тэргүүлснээр Лорд тус чартыг тэргүүлсэн хамгийн залуу эмэгтэй дуучдын нэг болж байв. Мөн тус онд Pure Heroine нэртэй анхны цомгоо цацсан бөгөөд нэлээдгүй амжилтууд үзүүлж, өөрийн нэрээ олонд таниулж чаджээ.

2014 онд Лорд The Hunger Games: Mockingjay – Part 1 киноны цомгийн ажилд оролцсоныг эс тооцвол 3 жил нам гүм байж байгаад, 2017 онд Melodrama цомгоороо хөгжмийн ертөнцөд эргэн ирсэн. Түүний хоёр дахь цомог нь чамлалтгүй амжилт үзүүлснээс гадна, цацагдсан даруйдаа л бүх цаг үеийн шилдэг цомгуудын нэгээр нэрлэгдэж эхэлсэн билээ.

2021 онд гурав дахь цомгоо өмнө нь хэзээ ч туурвиж байгаагүй илүү акустик, инди фолк урсгалд төвлөрөн Solar Power нэртэйгээр цацсан. Тус цомог нь Австрали, Шинэ Зеланд улсуудын чартыг тэргүүлж, нэлээдгүй улсуудын чартын эхний аравт бичигдсэн ч, шүүмжлэгчид болон фенүүдээсээ өмнөх хоёр цомгоосоо тааруу үнэлгээ авсан байдаг.

Тэрбээр карьерынхаа туршид нэг Грэммийн шагнал, 2 BRIT шагнал зэрэг нийтдээ 50 гаруй шагнал хүртэж байсан ба 2013, 2014 онуудад Time сэтгүүлийн хамгийн нөлөө бүхий өсвөр настнуудын жагсаалтад багтаж байв. Мөн 2014 онд Forbes сэтгүүлийн 30-с дооших насны 30 алдартны нэгээр тодорч байсан. Лорд өөрийн дуунуудыг бичихээс гадна Broods, Bleachers зэрэг уран бүтээлчдийн дууг хамтран зохиож байсан түүхтэй. 2017 оны зургаадугаар сарын байдлаар тэрбээр дэлхий даяар 5 сая цомог борлуулсан байна.

Карьер ба амьдрал

1996-2009: Бага нас

Тэрбээр 1996 оны 11-р сарын 7-нд Шинэ Зеланд улсын Акланд хотын Такапуна хэмээх тосгонд[1] инженер Вик О'Коннор болон яруу найрагч Сониа Елик нарын хоёр дахь охин болон мэндэлжээ.[2] 5 настайдаа Лорд жүжгийн дугуйланд явж эхэлснээр түүний урлагийн карьер эхэлсэн юм.[3] Лордын ээж Сониа нь зохиолч, яруу найрагч бөгөөд Лорд өөрийнх нь дуу бичих чадварт хамгийн их нөлөө үзүүлсэн хүн нь гэж тодорхойлж байв.[4]

2009-2011: Карьерын эхлэл

2009 оны 5-р сард Лорд болон түүний найз Луй МкДоналд нар Белмонт дунд сургуулийн урлагийн тэмцээний ялагч болж байжээ.[5] 2009 оны 8-р сарын 13-нд тэд Шинэ Зеландын радиогийн нэвтрүүлэгч Жим Морагийн өдрийн ярилцлагад оролцож, Пикси Лотт-ийн "Mama Do (Uh Oh, Uh Oh)" болон Kings of Leon хамтлагийн "Use Somebody" дууг дуулж байв.[6] МкДоналдын аав тус үзүүлбэрийг Universal Music Group-ийн агент МкЛаклан руу илгээж байсан[7] ба 2009 онд тэд UMG-ийн академид элсэн оржээ.[8] 2010 онд тэд "Элла & Луй" нэртэй хамтлаг байгуулан, Шинэ Зеландын кафе болон нэвтрүүлгүүдэд дуулдаг байснаар түүний хөгжмийн карьер эхэлсэн юм.[9]

2011 оноос Лорд продюсер Жоэл Литтлтэй хамтран дуу бичиж эхэлсэн бөгөөд Акланд хотын Golden Age студид гурван долоо хоногийн турш 5 дуу зохиож байжээ.[10] Лорд дуу бичиж, студид их цагийг өнгөрөөх тусам хичээлдээ явах цаг нь багасч, ахлах сургуулийн сүүлийн жилдээ сурахгүй шийдвэр гаргасан байдаг.[11]

2012-2015: Pure Heroine

Лорд 2014 оны Coachella наадмын үеэр

2012 оны 11-р сард Лорд The Love Club нэртэй дебют EP-ээ өөрийн SoundCloud хаягтаа үнэгүй байршуулсан байдаг.[12] The Love Club ЕР нь SoundCloud дээрээс 60,000 гаруй удаа татагдсаны дараагаар UMG тус EP-г потенциал сайтай гэж үзээд 2013 оны 3-р сард албан ёсоор худалдаанд гаргажээ.[8][13] Худалдаанд гарсаар удаагүй тус ЕР нь Шинэ Зеланд болон Австрали улсуудын чартад хоёрдугаарт бичигдэж оргил амжилтаа үзүүлж байв.[14] Тухайн жилийн 6-р сард тус ЕР-д багтсан "Royals" дуу нь зөвхөн Австрали, Шинэ Зеланд улсууд төдийгүй дэлхий даяар хит болж,[15] түүний олонд танигдах эхлэл болсон юм. Уг дуу нь Лордыг 16 настай байхад АНУ-ын Billboard Hot 100 чартыг 9 долоо хоног дараалан тэргүүлсэн ба тэрбээр тус чартыг тэргүүлсэн 1987 оноос хойших хамгийн залуу дуучнаар нэрлэгдэж байв.[16] "Royals" дуу нь 2014 оны Грэммийн шагнал гардуулах ёслолд гурван төрөлд нэр дэвшиж, "Оны шилдэг дуу", "Шилдэг ганцаарчилсан поп үзүүлбэр" гэсэн хоёр төрөлд нь ялалт байгуулсан билээ.[17]

2013 оны 9-р сард тэрбээр дебют студи цомог болох Pure Heroine цомгоо цацсан нь шүүмжлэгчдээс нэлээдгүй өндөр үнэлгээ аван,[7] 2013 оны шилдэг цомгуудын жагсаалтад нэрлэгдэж эхэлсэн.[18] Pure Heroine нь энгийн л нэг тосгоны болоод өсвөр насны хүүхдийн амьдралын хэв маягийн тухай түлхүү өгүүлдэг.[19] Тус цомог нь худалдаалагдаж эхэлсэн эхний долоо хоногтоо Австрали, Шинэ Зеланд улсуудын чартыг тэргүүлэхээс гадна АНУ, Их Британи, Канад, Ирланд, Норвеги зэрэг улсуудын чартын эхний тавд бичигдэж байжээ. АНУ-д Pure Heroine цомог нь зургаан сарын дотор нэг сая хувь борлогдсон нь 2008 онд Аделийн 19 цомгоос хойших АНУ-д нэг сая хувь борлогдсон анхны дебют цомог болсон юм.[20] Мөн тус цомог нь 56 дахь Грэммийн шагнал гардуулах ёслолд "Шилдэг поп цомог" төрөлд нэр дэвшсэн[17] бөгөөд 2017 оны байдлаар нийтдээ 4 сая хувь борлогджээ.[21]

"Royals"-ийн дараа Pure Heroine цомгоос дахин 3 сингл цацагдсан ба хоёр дахь сингл "Tennis Court" нь Шинэ Зеланд улсын чартыг тэргүүлж,[22] гурав дахь сингл "Team" нь мөн л нэлээдгүй олон улсуудын чартын эхний аравт багтсан байдаг.[23] Цомгийн сүүлийн бөгөөд дөрөв дэх синглээр "Glory And Gore" цацагдаж байв.[24] Мөн оны 9-р сард Lorde Tears for Fears хамтлагийн "Everybody Wants To Rule The World" дууг коверлосон нь The Hunger Games: Catching Fire киноны дууны цомогт багтжээ.[25]

Лорд 2014 оны Lollapalooza наадмын үеэр

2013 оны сүүлээр Лорд 2 дахь цомгийнхоо ажилд орсон гэж мэдэгдсэн ч төд удалгүй хоёр дахь цомгоо бичихдээ нэг их яарахгүй байгаагаа, "тэс өөр" хэв маягтай цомог болох тухай дурдсан юм. Billboard сэтгүүл Лордыг 21-с дооших насны 21 алдартны жагсаалтдаа 2013,[26] 2014,[27] 2015 онуудад нэрлэж байсан.[28]

2014 оны эхний хагаст тэрбээр аялан тоглолтынхоо салхийг хагалж, Сидней хотын Laneway Festival,[29] Хойд Америкийн Lollapalooza,[30] мөн Калифорни мужид болсон Coachella наадмуудад оролцсон байна.[31] Цомгийн ажлынхаа дараа буюу 2014 оны эхээр Лорд Хойд Америк, Австрали тивд анхны бие даасан аялан тоглолтоо хийсэн юм.[32] Мөн тус оны 4-р сард тэрбээр Нирвана хамтлагийн Rock and Roll Hall of Fame ёслолд зориулан "All Apologies" дууг дуулсан байна.[33] Хамтлагийн гишүүд Крист Новоселич, Дейв Грол нар Лордыг Нирвана хамтлагийн дууг дуулахад "төгс зохицохоор" хэмээн тодорхойлж байв.[34]

Лорд мөн онд The Hunger Games: Mockingjay — Part 1 киноны цомогт продюсерээр ажилласан бөгөөд, цомогт багтсан "Yellow Flicker Beat" дуу нь 2015 оны Алтан бөмбөрцөгийн шагнал гардуулах ёслолд "Шилдэг киноны дуу" төрөлд нэр дэвшсэн юм.[35] 2015 онд Лорд Disclosure хамтлагийн хоёр дахь цомог Caracal-д багтсан "Magnets" дуун дээр хамтран ажилласан байна.

2016-2018: Melodrama

Лорд 2017 оны Bonnaroo наадмын үеэр

Лорд 2016 оны Brit Awards-ын үеэр дуучин Девид Боуид хүндлэл үзүүлэхээр түүний "Life on Mars" дууг дуулж, хоёр жилийн дараа анх удаа тайзан дээр гараад байв.[36] Өмнө нь Девид Боуи Лордыг "хөгжмийн ирээдүй" хэмээн тодотгосон байжээ.[37] Түүний энэхүү үзүүлбэр нь Боуид хүндэтгэл үзүүлсэн цөөн хэдэн чанартай үзүүлбэрүүдийн нэгээр маргаангүй нэрлэгдсэн юм. Тус оны сүүлээр Лорд Broods хамтлагийн Conscious цомогт багтсан "Heartlines" дуун дээр хамтран ажилласан.[38]

Түүний хоёр дахь цомог Melodrama-ийн эхний сингл "Green Light" нь 2017 оны 3-р сард олон нийтийн хүртээл болсон[39] бөгөөд цацагдсан даруйдаа л шүүмжлэгчдээс тун өндөр үнэлгээг авч, NME болон The Guardian сэтгүүлүүд 2017 оны шилдэг дуугаар өргөмжилсөн юм.[40] Уг дуу нь Шинэ Зеланд улсын чартад тэргүүн байр, Австрали, Канад улсуудын чартад шилдэг 10-т бичигдсэн байдаг.[41] 3-р сарын сүүлээр Лорд АНУ-с гаралтай Bleachers хамтлагийн Gone Now цомогт багтсан "Don't Take the Money" дууг хамтран зохиожээ.[42] "Green Light" цацагдсанаас долоо хоногийн дараа тэрбээр Melodrama цомгоос анхны промо сингл "Liability"-г цацсан бөгөөд тус долоо хоногтоо Saturday Night Live нэвтрүүлэгт оролцож, хоёр дууныхаа анхны амьд хувилбаруудыг нийтэд толилуулсан юм.

Melodrama цомог нь Лордын хувьд цоо шинэ ертөнц байсан гэж хэлж болно. Pure Heroine цомгийг бодвол илүү хосын харилцаан дээр төвлөрсөн, томоожсон хэв маягтай цомог бүтсэн юм.[43] Тус цомог нь 2017 оны 6-р сарын 16-нд цацагдсан бөгөөд фенүүд болон шүүмжлэгчдээс маш өндөр үнэлгээг авсан ба сэтгүүлүүдийн үнэлгээг дундажлан харуулдаг Metacritic сайтад Melodrama цомог нь 2017 оны шилдэг цомгуудын жагсаалтад ердөө Кендрик Ламарын Damn. цомгийн ард 2-р байранд эрэмбэлэгдсэн байдаг.[44] Melodrama нь АНУ-д эхний долоо хоногтоо 109,000 хувь борлогдож, Billboard 200 чартын тэргүүн байранд бичигдсэн. Энэ нь Лордын АНУ дахь анхны шилдэг цомог болж, Pure Heroine цомгийн амжилтыг эвдсэн юм. Цомгийн хоёр дахь сингл "Perfect Places" 6-р сарын 1-нд, гурав дахь сингл "Homemade Dynamite" нь Калид, Post Malone, SZA нартай хамт 9-р сарын 16-нд тус тус цацагдсан.[45] Лорд уг цомгоороо 2018 оны Грэммийн шагнал гардуулах ёслолд "Оны шилдэг цомог" төрөлд нэр дэвшсэн билээ.[46] Цомгийн аялан тоглолт 2017 оны сүүлээр Европт,[47] 2018 онд Хойд Америкт тоглогдсон байдаг.[48]

2019-Одоо: Solar Power

Лорд 2021 онд Vogue сэтгүүлийн ярилцлагын үеэр

Лорд 2019 он гаруут л өөрийн бүх сошиал хаягуудаа хааж, уран бүтээлээсээ түр завсарлага аваад байсан юм. 2020 оны 5-р сард фенүүддээ бичсэн мэйлдээ гурав дахь цомгийнхоо ажилд орсноо мэдэгдэж, 11-р сард Антарктид тив рүү аялсан тэмдэглэл болох Going South нэртэй номоо цацсан юм.[49]

2021 оны 5-р сард Лорд Primavera Sound 2022 наадмын бүрэлдэхүүнд багтсан мэдээлэл цацагдсанаар фенүүд нь түүний эргэн ирэлт тун ойртсон байна хэмээн таамаглацгааж байв.[50] Төд удалгүй 6-р сард нь Лорд өөрийн вебсайтдаа "Solar Power" хэмээх гарчигтай, "2021 он ... Тэвчээртэй" хэмээх тайлбартай зураг нийтэлсэн нь түүний гурав дахь цомгийн нүүр байлаа.[51] Лорд 6-р сарын 10-нд "Solar Power" дуугаа цацаж, дөрвөн жилийн дараа хөгжмийн ертөнцөд дахин эргэн ирсэн юм.[52] Уг дуу нь түүний өмнөх хоёр цомгийн хэв маягаас эрс өөр, psychedelic, инди фолк жанрын дуу бөгөөд Шинэ Зеланд улсын чартын хоёрдугаар байранд бичигдэж байв. Solar Power цомгоос "Stoned at the Nail Salon", "Mood Ring" дуунууд 7-р сарын 21-нд, 8-р сарын 17-нд тус тус цацагдаж,[53][54] цомог нь албан ёсоор 8-р сарын 20-нд сонсогчдын хүртээл болсон. Шүүмжлэгчид Solar Power цомгийг нэг их таатай хүлээж аваагүй бөгөөд ихэвчлэн өмнөх хоёр цомгоосоо тааруухан үнэлгээг авч байв.[55]

2021 оны 9-р сард Лорд Solar Power цомогт багтсан зарим дуунуудаа Шинэ Зеландын уугуул Маори хэл дээр дуулан, Te Ao Mārama нэртэйгээр олны хүртээл болгожээ.[56]

Уран бүтээлийн хэв маяг

Нөлөөлөл

Лордын ээж нь яруу найрагч бөгөөд Лордыг дууны үг бичихэд нь хамгийн том нөлөө үзүүлсэн хүн хэмээж байжээ.[57] Лорд багаасаа жаз хөгжим[58] болоод аав, ээжийнхээ дуртай дуучид болох Кат Стивенс, Нил Янг, Fleetwood Mac нарыг түлхүү сонсдог байв.[59] Тэрээр Pure Heroine цомгоо бичиж байхдаа SBTRKT, Grimes зэрэг электроник урсгалаар бүтээлээ туурвидаг уран бүтээлчдээс түлхүү нөлөө авснаа дурдаж байжээ.[60] Лордод чухал нөлөө үзүүлсэн бусад уран бүтээлчдийг дурдвал, Грэйс Жонс,[61] Жеймс Блэк, Bon Iver,[62] Arcade Fire, Канье Уэст, Prince,[63] Девид Боуи нар болно.[64]

Лорд хоёр дахь цомог Melodrama-гаа бичиж байхдаа The 1975 хамтлагийн "Somebody Else", Рианнагийн "Higher", Кэти Перригийн "Teenage Dream" зэрэг дуунуудыг Нью-Йорк хотын үдэш алхангаа, метронд явж байхдаа сонсдог байсан нь нэлээдгүй нөлөө үзүүлсэн хэмээжээ.[65] Мөн Melodrama цомог бүтэхэд Frank Ocean-ий Blonde цомгийн "дууны уламжлалт бүтцийг" эвдсэн хэв маяг нь чухал нөлөө үзүүлсэн байдаг.[66]

Хэв маяг

The Guardian сэтгүүл Лордын уран бүтээлийн хэв маягийг Скай Феррейра, Лана Дел Рей нартай адилтгасан байдаг бөгөөд Лорд ихэвчлэн электропоп, арт поп, дрим поп, инди поп, инди электро жанраар бүтээлээ туурвидаг.[67]

Лордын дуунуудын минималист аяз, өгүүлэл мэт онцгой дууны үгс нь түүний хөгжмийн ертөнц дэх байр суурийг тамгалсан гэж хэлж болно. Лорд тайзан дээр "зөвхөн хоолойндоо анхаарахын тулд ямар нэгэн хөгжмийн зэмсэг тоглодоггүй"[68] хэмээн мэдэгдэж байсан ч, Melodrama цомгийн аялан тоглолтын үеэр зарим дуун дээрээ ксилофон, бөмбөр тоглосон байдаг.[69]

Дүр төрх

Лорд тайзан дээр өөрийнхөөрөө байх дуртай ба эв хавгүй бүжгийн хөдөлгөөнөөрөө олонд танигдсан. Тэрбээр тайзныхаа нэрийг язгууртан угсааны хэв маяг дээр үндэслэн "Lord" хэмээн сонгосон ч, хэт эршүүд санагдсаны улмаас илүү эрхэмсэг болгохын тулд ард нь "e" үсэг нэмэн, "Lorde" хэмээн сонгожээ.[70] Тэрбээр өөрийгөө феминист, секс-позитив хэмээн тодорхойлдог.[71]

Лорд "Royals" дуугаараа анх хөгжмийн ертөнцөд минималист урсгалыг түгээн дэлгэрүүлсэн чухал үүрэгтэй.[72] Түүнийг Billboard сэтгүүл 2013 онд "Альтернатив хатан хаан" хэмээн өргөмжилж байв.[73] 2010-аад оны хөгжмийн урсгалд Лордын үзүүлсэн нөлөөг нэр хүндтэй бүхий л сэтгүүлүүд онцолсон байдаг бөгөөд тэрбээр NPR сэтгүүлийн 21-р зуунд хамгийн нөлөөт уран бүтээлчдийн жагсаалтын 12-р байранд бичигдэж байжээ.[74] Лорд илүү альтернатив талдаа чиглэсэн поп урсгалыг дэлгэрүүлж, Билли Айлиш,[75] Оливиа Родриго,[76] Конан Грей, Трой Сиван, Сабрина Карпентер зэрэг уран бүтээлчдийн амжилттай замналд том хувь нэмэр оруулсан юм.[77]

Нэр дэвшсэн шагналууд

Гол өгүүлэл: Лордын хүртсэн шагналууд

Дебют хийсэн жилдээ л Лорд 2013 оны Шинэ Зеландын хөгжмийн наадамд 4 шагнал хүртсэн байдаг.[78] Түүний "Royals" дуу нь Австралийн хамгийн нэр хүндтэй APRA Silver Scroll Award,[79] Грэммийн "Оны шилдэг дуу", "Шилдэг ганцаарчилсан поп үзүүлбэр"[80] зэрэг шагналуудыг хүртжээ. 2015 онд "Yellow Flicker Beat" дуугаараа Алтан бөмбөрцөгийн шагнал гардуулах ёслолд "Шилдэг киноны дуу" төрөлд,[81] 2018 онд Melodrama цомгоороо Грэммийн "Оны шилдэг цомог" төрлүүдэд тус тус нэр дэвшсэн байдаг.[82] Лорд мөн карьерынхаа туршид хоёр Brit Awards, хоёр Billboard Music Awards, нэг MTV Video Music Award, гурван World Music Awards-ийг өөрийн болгосон.[83]

Бүтээлүүд

Гол өгүүлэл: Лордын бүтээлүүд
  • The Love Club EP (2013)
  • Pure Heroine (2013)
  • Melodrama (2017)
  • Solar Power (2021)

Аялан тоглолтууд

  • Pure Heroine Tour (2013-2014)
  • Melodrama World Tour (2017-2018)
  • Solar Power Tour (2022-2023)

Цахим холбоос

Холбооc