Винсент ван Гог

Винсент Виллем ван Гог (голланд хэл. Vincent Willem van Gogh, 1853 оны 3-р сарын 30-нд төрсөн- 1890 оны 7-р сарын 29-нд нас барсан) Голландын пост-импрессионист зураач.[1] Түүний зарим зураг өнөөдөр дэлхийд хамгийн алдартай, нэртэй, үнэтэй бүтээлүүд болсон.

Өөрийн хөрөг (1887 он)

Ван Гог 16 наснаасаа эхэлж Хааг дахь авга ахынхаа урлагийн бүтээл худалддаг пүүст ажилладаг байлаа. Богинохон хугацаанд багшилсныхаа дараа тэрээр Амстердамын Их Сургуулийн шашны номлолын факультетэд 2 жил суралцаад маш ядуу уул уурхайн бүс нутагт шашин сурталчилан дэлгэрүүлэх газарт ажиллах болжээ. 1879 онд номлогчийн ажлаасаа халагдсанаар түүний ядуу тарчиг, тэнүүлчин амьдрал эхэлсэн байна. 1880 он хүртэл уран зургийн чиглэлээр ажиллаж эхлээгүй юм. Эхэндээ Ван Гог даруухан өнгөөр зургийн хуулбар хийж, хаяа байгаль дээр судалбар зураг зурдаг байж байгаад Парист импрессионизм, нео-импрессионизмтай танилцжээ. Тэрээр өвөрмөц танигдахуйц хэв маягтаа тод өнгө, будалтын хэв маягийг тусгасан. Энэхүү шинэ хэв маягаа тэрээр Францын Арль хотод (франц. Arles) байхдаа бүрэн хөгжүүлжээ. Амьдралынхаа сүүлийн арван жилийн хугацаанд нийтдээ 2000 гаруй бүтээл туурвисны дотор 900 орчим нь тосон будгаар зурсан зураг, 1100 зураасан зураг, ноорог бүтээжээ. Хамгийн их алдаршсан бүтээлүүдээ амьдралынхаа сүүлийн хоёр жилд бүтээсэн бөгөөд чухам энэ үед тэр Поль Гогентой андын харилцаагаа тасалснаас болж зүүн чихээ өөрөө огтолсон билээ. Үүнээс хойш түүний сэтгэцийн өвчин үе үе хөдлөн улам хүндэрч, улмаар амиа хорлоход хүргэсэн.

Ван Гогийн амьдралд нөлөө үзүүлсэн гол хүн бол мөнгө төгрөгөөр харамгүй, байнга дэмжиж байсан түүний 4 насаар дүү Теодорус Ван Гог (Тео) юм. Тэдний насан туршийн үерхэл нөхөрлөл нь 1872 оны 8-р сараас хойш харилцаж байсан олон захидлаас нь харагддаг. Ван Гог сүүлд экспрессионизм гэгдэх болсон урсгалыг анх үндэслэгчдийн нэг юм. Тэрээр орчин үеийн урлагт, ялангуяа фовизм болон Германы экспрессионизмд асар их нөлөө үзүүлсэн ажээ.

Галерей

Лавлах материал

Эшлэл

Номзүй

Цахим холбоос

 Commons: Vincent van Gogh – Викимедиа зураг, бичлэг, дууны сан