Газрын тос

Газрын тос (Petroleum - грек гаралтай, латин үг бөгөөд πετρα - чулуу + ολιον - тос) нь олон төрлийн нүүрсустөрөгчдөөс тогтох шингэн, шатах ашигт малтмал юм. Алкан нь газрын тосыг бүрдүүлэгч үндсэн нүүрсустөрөгч бөгөөд C5H12 аас C18H38 хүртэлх нэгдэлүүд нь тааралдана. Үүнээс хөнгөн нүүрс-устөрөгчид нь (хийн төлөвт) байгалийн хий, болон тосны хийг, харин хүндүүд нь хатуу төлөвт орших ба нүүрсний үндсэн бүтэц болно.

2013 оны байдлаар дэлхийн нийт баталгаажсан газрын тосны нөөц
Газрын гадарга дээр нэвчиж гарсан газрын тос

Газрын тос нь хүхэр, хүчилтөрөгч, азот зэрэг химийн элементүүдийг тодорхой хэмжээгээр агуулна. Ихэвчлэн хар, хар хүрэн өнгөтэй. Газрын тос нь байгаль дээр элстэй холилдон хагас хатуу хэлбэртэй тохиолдож болох ба битум гэж нэрлэнэ (Жишээлбэл, Канадын "Athabasca").

Олборлож буй нийт газрын тосны 84%-ийг эрчим хүчний түүхий эд, үлдэх 16%-ийг химийн үйлдвэрийн түүхий эд болгон хэрэглэж байна.

Газрын тос нь байгальд, нүх сүвэрхэг чулуулагт агуулагдах ба нөөцийн хэмжээг 1.2 триллион баррель гэж тооцож байна [1]. Дэлхийн газрын тосны хэрэглээ 84 сая баррель/өдөр бөгөөд өнөөгийн хэрэглээний төвшингөөр тооцвол 32 жилийн дараа буюу ойролцоогоор 2039 онд газрын тосны нөөц шавхагдаж дуусна.

Газрын тосны шинж чанар

Химийн найрлага

Oктан, нэгэн төрлийн алкан (хар бөмбөлөг нь нүүрстөрөгч, цагаан нь устөрөгчийн атом)

Газрын тосонд 1000 орчим төрлийн химийн нэгдлүүд агуулагддагаас ихэнх нь шингэн нүүрсустөрөгчид (> 500 буюу массын 80—90%), гетероатомт органик нэгдлүүд (4—5 %), хүхэрт нэгдлүүд (250 орчим), азоттой (>30), болон хүчилтөрөгчтэй (85 орчим) нэгдлүүд, мөн бага хэмжээний ванади ба никельт нэгдлүүд байна. Үүнээс гадна ууссан нүүрсустөрөгчийн хий (C1-C4, 4 % хүртэл), ус (10 % хүртэл), эрдсийн давсууд (голчлон хлорид, 0,1—4000 мг/л түүнээс дээш), мөн мeханик хольцууд болох шавар, элс, шохойн чулуу агуулагдана.

Нүүрсустөрөгчдийн найрлага

Парафины нүүрсустөрөгчид (дунджаар 30—35 %, ховороор 40—50 %), нафтены (25—75 %), бага хэмжээний ароматик (10—20, ховор тохиолдолд 35 %) нүүрсустөрөгчид газрын тосыг бүрдүүлнэ.

Элементийн найрлага

Үндсэн элементийн найрлагын хувьд (%): нүүрстөрөгч - 82-87, устөрөгч - 11-14.5, хүхэр - 0.01-6 (ховроор 8 хүртэл), азот - 0.001-1.8, хүчилтөрөгч - 0.005-0.35 (ховроор 1.2 хүртэл) бөгөөд мөн V(10-5 - 10-2%), Ni(10-4 - 10-3%), Cl (хүртэл 2•10-2%) зэрэг нийт 50 орчим химийн элемент агуулна.

Зарим газрын тосны химийн найрлага (%-иар)
ОрдНягт, г/см3СНSNOҮнс
Ухтин (ОХУ)0,89785,3012,460,880,14-0,01
Грозни (ОХУ)0,85085,9513,000,140,070,740,10
Сурухан (Азербайжан)0,79385,3414,140,03-0,49-
Калифорни (АНУ)0,91284,0012,700,401,701,20-

Физик шинж чанар

Газрын тос нь хар хүрэн, хар өнгөтэй, ногоовтор туяатай дундаж молекул жин нь 220—300 г/моль (хааяа 450—470). Нягт дунджаар 0,82—0,95 г/см³; 0,83г/см³-ээс бага үед хөнгөн, 0,831-0,860 - дунд зэрэг, 0,860 дээш үед - хүнд газрын тос гэж нэрлэнэ (API нягт = (141.5/SG 60 °F-д) - 131.5).

Химийн бүтцээсээ хамаараад газрын тосны хайлах, буцлах температурын хязгаар нилээн өргөн хүрээнд байх ба парафины агуулгаас хамааран царцах температур нь −60 аас + 30 °C байна. Зуурамдлага 1,98 ээс 265,90 мм²/с , дулаан ялгаруулах чадвар 43,7—46,2 Мж/кг байна.

Ангилал

Дэлхийн газрын тосны зах зээл дээр газрын тосыг хэд хэдэн төрөл (Benchmark)-д, АПИ (АРI) хувийн жин ("хөнгөн", "дунд зэрэг", "хүнд") болон зууралдлага дээр нь үндэслэн ангилдаг байна. Үүнээс гадна, бага хүхрийн агуулгатай түүхий тосыг "амтат", өндөр агуулга бүхий тосыг "гашуун" гэж хэлэх нь байдаг байна. Учир нь хүхрийн өндөр агуулгатай тосыг хүхрээс нь салгахын тулд урьдчилсан боловсруулалт хийх хэрэгтэй болно.

Түүхий газрын тосны төрөлүүд:

  • Баруун Техас (West Texas Intermediate, WTI) - Хойд Америкаас олборлодог, бага хүхрийн агуулгатай, хөнгөн тос.
  • Брент - Хойд тэнгисийн Брент, Нинианы зэрэг нийт 15 ордуудаас олборлодог тос. "Баруун Техас" төрлийн тосноос арай хүнд, хүхрийн агуулга өндөр.
  • Дубай (Dubai) - Персийн булангийн тос.
  • Тапис (Малайз) - Ихэвчлэн зүүн өмнөд Азийн хөнгөн тосыг,
  • Минас(Индонез) - зүүн өмнөд Азийн хөнгөн тосыг,
  • ОПЕК - ОПЕК-ийн орнуудын газрын тосны дундаж найрлага

Олборлох арга

Газрын тосыг олборлодог үндсэн арга нь цооногоор олборлох бөгөөд, анхдагч олборлолтоор тосны нийт нөөцийн 20% орчимыг гадаргуу дээр гаргаж авна. Тосыг агуулж буй давхраас нь газрын гүнд тодорхой даралтад байх бөгөөд, уг давхраасын даралт болон газрын гадаргуугийн даралтын зөрүүнээс хамааран тос нь газар дээр өөрөө гадны нөлөөгүйгээр гарна. Үүнийг анхдагч олборлолт гэж нэрлэнэ. Аажмаар давхраасын даралт бууран, тос өөрөө гарч ирэх нь багасах тул шахуурга ашиглан соруулах, мөн давхраасын даралтыг нэмэгдүүлэхийн тулд ус, хийг тосны давхрааст шахаж тосны гарцыг ихэсгэхээр хэрэглэж буй аргуудыг хоёрдогч олборолтын аргууд гэж нэрлэнэ. Хоёрдогч олборлолтоор тосны 5-10%-ийг олборлоно. Улмаар хоёрдогч олборлолтын аргууд үр дүн өгөхгүй бол, агуулагч чулуулгийн нэвчимжийг ихэсгэх, тосны зууралдлагыг багасгах замаар гуравдагч олборлолтыг явуулна. Дулааны болон химийн аргуудыг хэрэглэнэ. Жишээлбэл усны уурыг гүнд шахаж, тосны зууралдагыг багасгах гэх мэт.

Хэрэглээний түүх

Газрын тосны орд Америкийн Нэгдсэн Улс, Калифорни муж, 1938 он

4000 гаруй жилийн өмнөөс газрын тосыг хүмүүс хэрэглэж эхэлсэн байна. Вавилони хотын хана, цамхагийг барихад асфальт хэрэглэж байсан гэсэн мэдээ бий. [2] IV зуунд Хятадад 243 м гүнтэй анхны газрын тосны цооногийг өрөмдөж байв. VII зуунд Японд газрын тосыг "шатагч ус" гэж нэрлэдэг, дэнлүү болгон хэрэглэдэг байжээ.[2]

Орчин үеийн газрын тосны түүх 1846 онд Абрахам Пино Геснэр (Abraham Pineo Gesner) керосиныг нүүрснээс гаргаж авснаас эхэлсэн гэж үздэг. Анхны тосны цооног Апшероны хойг (Азербайжан, Бакугаас зүүн хойш) дээр 1848 онд өрөмдөгдөж, 1852 онд Польшийн эмзүйч Игнаси Люказевски газрын тосноос керосин гаргаж авах аргыг нээжээ. Улмаар Бакуд анхны газрын тосны нэрэх үйлдвэр 1861 онд байгуулагдав. Тухайн үед Баку Дэлхийн тосны 90 хувийг үйлдвэрлэж байв.

1910 он гэхэд, Канадын Албертад, Индонезийн Суматра арал, Иран, Перу, Венесуэл, Мексикт хэд хэдэн газрын тосны томоохон ордуудаас олборлолт явуулж байв. Гэвч 1950-аад оны дунд хүртэл, нүүрс нь эрчим хүчний үндсэн түүхий эд байсан юм.

Өнөөгийн байдлаар нийт тээврийн хэрэгслийн 90% газрын тосноос гарган авсан төрөл бүрийн түлшийг хэрэглэж, химийн үйлдвэрийн маш чухал түүхий болжээ. Газрын тос олборлолтын хэмжээгээр Саудын Араб, ОХУ, АНУ-ууд, мэдэгдэж буй нөөцийн 62.5% Саудын Араб, АНЭУ, Ирак, Катар, Кувейт-д байна.

Газрын тосны хэрэглээ, нийлүүлэлт

Хэрэглээ

Газрын тосны үндсэн хэрэглээ нь төрөл бүрийн түлш (бензин, дизель түлш, тийрэлтэт хөдөлгүүрийн түлш, шингэрүүлсэн хий (LPG) гэх мэт), тос болон тослох материал, хуванцарууд, химийн бодисууд гарган авах юм.

Дэлхийн нийт газрын тосны хэрэглээ 2005 оныхоор өдөрт 84 сая баррель байна.

Олборлолт

Газрын тос олборлогч орнууд

Их хэмжээний олборлолт хийдэг орнууд, 2004 оныхоор:

#Орон(×106Баррель/өдөр)(×103m³/өдөр)
1Саудын Араб (Газрын Тос Экспортлогч Орнуудын Байгууллага ОПЕК)10.371,649
2Оросын Холбооны Улс9.271,474
3Америкийн Нэгдсэн Улс8.691,382
4Иран (ОПЕК)4.09650
5Мексик3.83609
6БНХАУ3.62576
7Норвеги3.18506
8Канад3.14499
9Венесуэл (ОПЕК)2.86455
10АНЭУ (ОПЕК)2.76439
11Кувейт (ОПЕК)2.51399
12Нигер (ОПЕК)2.51399
13Их Британи2.08331
14Ирак (ОПЕК)2.03323

Нөөц

Газрын тосны их нөөцтэй орнууд

Газрын тосны ихээхэн нөөцтэй орнууд, гигабаррелиар (109 баррель) [1].

Орон/Бүс нутагБагаар тооцоходДээд хэмжээгээр
Хойд Америк50.7222.9
Канад16.5178.8
Америкийн Нэгдсэн Улс21.329.3
Мексик12.914.8
Төв болон Өмнөд Америк тив76401.1
Венесуэл52.4361.2
Бразил10.611.2
Баруун Европ16.217.3
Их Британи4.14.5
Норвеги7.78.0
Зүүн Европ & Хуучин Зөвлөлт Холбоот Улс79.2121.9
Оросын Холбооны Улс6072.4
Казахстан939.6
Ойрх Дорнод708.3733.9
Иран125.8132.7
Ирак115115
Кувейт99101.5
Катар15.215.2
Саудын Араб261.9264.3
АНЭУ69.997.8
Африк100.8113.8
Алжир11.411.8
Ливи33.639.1
Нигер35.335.9
Ази ба Номхон далайн бүс36.239.8
Хятад15.416.0
Австрали1.54
Энэтхэг4.95.6
Индонез4.34.3
Дэлхийн нийт10821650.7

Экспорт

Газрын тосны экспорт, орнуудаар

Газрын тосны экспорт, 2003 он:

  1. Саудын Араб (ОПЕК)
  2. ОХУ
  3. Норвеги
  4. Иран (ОПЕК)
  5. АНЭУ (ОПЕК)
  6. Венесуэл (ОПЕК)
  7. Кувейт (ОПЕК)
  8. Нигер (ОПЕК)
  9. Мексик
  10. Алжир (ОПЕК)
  11. Ливи (ОПЕК)

Үнэ

Газрын тосны үнэ, 1861 - 2006


Гадны холбоос