Индонез

Зүүн Өмнөд Азийн, Далайн орнуудын ч гэж хэлж болох байрлалд 17,508 арлын дээр оршдог[10] тусгаар тогтносон, бүрэн эрхт улсыг Бүгд Найрамдах Индонез Улс (инд. Republik Indonesia), товчоор Индонез улс, Индонез гэнэ.

Бүгд Найрамдах Индонез Улс
Republik Indonesia (Индонез)
Индонез улсын далбаа
Төрийн далбаа
Индонез улсын Үндэсний тамга (Сүлд)
Үндэсний тамга
(Сүлд)
Уриа: 
Bhinneka Tunggal Ika (Хуучин Ява)
"Олон янз байдалд эв нэгдэл"
Төрийн дуулал: Indonesia Raya
"Их Индонез"
Үндэсний үзэл суртал:
Панчасила
(Таван зарчим)
Нийслэл
ба томоохон хот
Жакарта
6°10′S 106°49′E / 6.167°S 106.817°E / -6.167; 106.817
Албан ёсны хэлИндонез хэл
Орон нутгийн хэл700+ хэлнүүд[1]
Угсаатны бүлгүүд
1,300+ угсаатан[2]
Шашин
(2018)[3]
  • 86.7% Ислам
  • 10.7% Христийн шашин
  • 1.7% Хиндүизм
  • 0.8% Буддизм
  • 0.1% Уламжлалт, Күнз,
    and бусад
Ард түмний нэршилИндонезчүүд‎
Төр засагНэгдмэл ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс
• Ерөнхийлөгч
Жоко Видодо
• Дэд Ерөнхийлөгч
Мааруф Амин
• Танхимын Дарга
Пуан Махарани
• Ерөнхий шүүгч
Мухаммед Сирифуддин
Хууль тогтоох байгууллагаАрдын Зөвлөлдөх Хурал (АЗХ)
• Дээд танхим
Орон Нутгийн Төлөөлөгчдийн Зөвлөл (ОНТЗ)
• Доод танхим
Ардын Төлөөлөгчдийн Зөвлөл (АТЗ)
Тусгаар тогтнол 
(Нидерландаас)
• Тунхагласан
8 сарын 17, 1945 он
• Хүлээн зөвшөөрөгдсөн
12 сарын 27, 1949 он
Газар нутаг
• Нийт
1,904,569[4] км2 (14)
Хүн ам
• 2022 тооцоо
Neutral increase 277,749,853[5] (4)
• 2020 тооллого
270,203,917[6]
• Нягтаршил
143/км2 (90)
ДНБ (ХАЧТ)2023 тооцоо
• Нийт
$4.398 их наяд[7] (7)
• Нэг хүнд ноогдох
$15,855[7] (98)
ДНБ (нэрлэсэн)2023 тооцоо
• Нийт
$1.392 их наяд[7] (16)
• Нэг хүнд ноогдох
$5,016[7] (112)
ОТББИ (2021)  37.9[8]
дундаж
ХХИ (2021) 0.705[9]
өндөр · 114
Мөнгөний нэгжИндонез рупиа (Rp) (IDR)
Цагийн бүсUTC+7 - +9 (янз бүрийн)
Огнооны форматӨӨ/СС/ЖЖЖЖ
Жолооны талзүүн
Утасны томьёо+62
Домэйн нэр.id

Нидерланд XVII зууны үеэс Зондын арлуудад эзэмшил орон (колони)-оо тэлсээр байлаа. XX зууны эхнээс нутгийн ард түмэн яс үндэс харгалзалгүй эвлэн нэгдэж тусгаар тогтнохын төлөө тэмцсээр олон улсын дэмжлэгийг ч хүртэж, 1949 онд нэгэн шинэ улсыг үүсгэжээ. Жава тэргүүтэй энэ олон ястан одоо хэр нь нэг хэлтэн, нэг үндэстэн болох ирээдүй рүүгээ дөтөлсөөр л яваа. 1950 оноос Индонез төрийн байгууламжийн хувьд нэгдмэл, төрийн хэлбэрийн хувьд ерөнхийлөгчийн эрх мэдэл давамгайлсан бүгд найрамдах засагтай болжээ. Одоо орон нутаг, засаг захиргааны шаардлагаар дотроо 33 муж болж хуваагддаг. Ойр хавийн Сингапур, Бруней, Малайз гурван улсынхтай яг адил Малай хэлний нэгэн аялгууг албан ёсоор батлан сурцгааж байгаа. Түүнийгээ Индонез хэл гэж итгэж, латин үсгээр бичдэг. Дурдсан улсуудаас гадна Зүүн Тимор, Папуа-Шинэ Гвиней, Австрали, Палау, Филиппин, Энэтхэгтэй газар эс бөгөөс тэнгисийн усаар хиллэдэг.

Индонезийн харьяаны 1.9 сая хавтгай дөрвөлжин километр газарт 2011 онд 238 сая хүн амьдарч байна. Дэлхийн олон улсаас хүн амын тоогоор 4-р олон, газар нутгийн хэмжээгээр 15-р том улс мөн гэдэг. Нэгт км-т 123.7 ноогддог гэдэг нь харин дундаж (79-р) байрынх. VII зууны Шривижая, XIII зууны Мажапахит гэх мэтээр түрүү үеийн улс-нийгэмд Буддын шашин, Хиндү шашин дэлгэрсэн. Дараа нь XIII зуунаас араб худалдаачдын сурталд автаж XVI зуун гэхэд олонх нь Исламын ёс үйлдэлт хүмүүс болцгоожээ. Одоо Индонезийн хүн амын 86% нь мусульман (хотон) гэдэг. Исламын улс гэдэгт багтахгүй ч Ислам шашинтны тооны олноор дэлхийд тэргүүлнэ.

Индонезийн газрын доор техтоник хавтангууд шүргэлцдэгээс шалтгаалаад газрын чичирхийлэл олон давтагддаг, сүрхий идэвхтэй галт уулстай. Үүгээрээ хүнд халтай ч гэсэн галт уулын бялхдас газрын хөрсийг үржил шимтэй болгодгоос хүн эртнээс бөөгнөрч сууж нутагшсан. Халуун орны дагуу эн ихтэй учир амьтан, ургамлаар баялаг. Индонезийн худалдан авах чадвараар тэгшитгэсэн ДНБ [2010 онд] 1.124 тэрбум америк доллартай тэнцэж байгаагаараа дэлхийн 16-р их орлогот улс гэгдэж Их Хорийн эгнээнд багтаж байгаа юм. Гэвч хүн ардын олонх ядуу байгаа,[11][12] нэг хүнд ноогдох ДНБ [2010 онд] $4,666-аар хэмжигдэж байна. 1967 онд АСЕАН-ыг байгуулалцсан.

Нэр

Тус улсын одооны «Индонез» төрлийн нэрс Европт үүссэн. Индонезийг эзэмшиж асан Нидерландынхан нидерландаараа Maleische Archipel (Малайн олтриг), Nederlandsch Oost Indië (Нидерландын Дорнод Энэтхэг), Indië (Энэтхэг), de Oost (Дорнод) гэх мэтээр тоомжиргүйхэн нэрийдэж байжээ.[13] 1850 онд Английн угсаатны зүйч Жорж Виндзор Эрл Англи хэлнээ Indunesians (Индунезианс, «Энэтхэгийн арлынхан») гэх нэрийг анх оруулж иржээ.[14] Үгийн уг гарлыг мөшгөвөл Indus (Инд мөрөн дахь нутаг буюу «Энэтхэг» гэсэн үг) гэх латин, νῆσος (несос - «арал») гэх грек үгсийн нийлэмж юмсанжээ.[15] 1900 он гарахад англи Indonesia нэрээс бусад хэлнээ хувилан тархсан бөгөөд Индонезийн тусгаар тогтнолын төлөө тэмцэгчид Нидерландын нэрээс татгалзаж, энэ нэрийг гол болгожээ.[13]. Монголд 20-р зуунд оросоор Индонезия гэж байдгийг харгалзан «улс» «орон», «нутаг» гэх утгатай -ия дагаврыг салгаж кирилл монголоор Индонез гэж бичдэг болжээ.

Түүх

Жава арлаас босоо хүний (homo erectus) хэсэг яс олдсон нь Индонезийн арлуудад балар эртний үед хүн амьдарч байсны баталгаа юмсанжээ. Хожим "Жава хүн" гэж алдаршсан түүнийг 1.5 сая, бүр 35 мянган жилийн өмнөх ч гэж янз бүрээр таасан байдаг.[16][17][18] Одоогийн Индонезийн хүн амын олонх нь Австронез угсаа, бүлэгт хамаарна. "Австронез хүмүүс Зүүн Өмнөд Ази, Тайвань зэрэг газраас эхлэн нүүгээд М.Э.Ө 2000 оны үед Индонезэд ирсэн. Тэгээд нутгийн Меланез хүмүүсийг дорнош шахан нутаглуулжээ" гэх судалгаа байдаг.[19] М.Э.Ө VIII зуунд эндхийн хүмүүс газар тариалан эрхлэх, тутаргын талбайд ажилладаг болцгоож,[20] М.Э I зуун гэхэд жижиг төр улс, гацаа тосгон хэлбэржин тогтсон байлаа. Далайн тээвэр зайлшгүй дайрах чухал байрлал нь Индонезийг үеийн үед Энэтхэг, Хятадтай холбож олон улсын, арал хоорондын худалдааг цэцэглүүлсэн.[21] Ер нь Индонезийн түүхийн гол сэдэв нь худалдаа арилжаа мөн юм.[22][23]

Банда арлуудад ургадаг анхилам үнэрт задь мод
Индонез улсыг байгуулагч Сукарно

VII зуунаас өөр хоорондоо, ойр хавьтайгаа далайн тээврээр харилцдаг Шривижая улс (аймгийн холбоо ч гэж хэлж болох) нийгэм Суматра, Жава арлаар тогтсон. Энэ үед Буддын шашин, Хиндү шашин дэлгэрчээ.[24][25] VIII-X зуунд Жава арлын дорнод Будда шүтлэгт Сайлендра, Хиндү шүтлэгт Матарам зэрэг улс нийгэм оршин байсныг үлдээсэн суврага, шүтлэгийн газар зэргээс нь мэдэж болно. XIII зуунаас хоёр зуугаад жил тогтносон дорно Жавад төвтэй Мажапахит гэх Хиндү шашинт улс бараг л Индонез даяар алдаршиж үлгэрлэж байв.[26]

Мусульман (хотон) худалдаачид Суматра арлын умард эрэгт олон жил ирж очиж байхдаа XIII зуунд Ислам шашиндаа итгүүлээд амжжээ.[27] Эхлээд ноёд язгууртан, умард эргийнхэнд л таалагдсан ч аажмаар түгсээр XVI зуун гэхэд Суматра, Жава арлынхны үндсэн бишрэл, зан заншил болсон.[28] Европынхноос Индонезийн ард түмэнтэй анх задь, башир цэцэг гэх мэт үнэт халуун ногоо авахын тулд 1512 онд ирсэн Португалийн Франсишку Серраны ахалсан худалдаачид учирсан гэдэг.[29] Араас нь Нидерланд, Британийнхан ирдэг болж 1602 онд Нидерландын Дорно Энэтхэг компани үүссэн. 1800 онд Нидерландын Дорно Энэтхэг гэх нэртэй эзэмшил орон (колони) гэгдэх болжээ.

Нидерланд анхандаа, дунд үедээ зөвхөн эргийн ойр хавьд эзэрхэж байлаа. XX зууны эхэнд л өнөөгийн Индонезийн хил хязгаар дотор ноёрхож чаджээ.[30] Сөргүүлээд 1908 оноос Индонезийн ард түмэн ямар оронд амьдарч байгаагаа мэдэрч, үндэсний ухамсар бүрдэж, тусгаар тогтнолын төлөө зорьцгоосон. Дэлхийн II дайны үед Индонезийг Япон эзлэж Нидерландынхан талийж одсон.[31][32] Япон дайнд бууж өгсний нөгөөдөр нь Индонезийнхан үндсэрхэг тэмцлийн удирдагч Сукарног ерөнхийлөгч болгож, Индонез улсын тусгаар тогтнолыг тунхаглажээ.[33][34][35][36] Гэвч Нидерланд эзэмшилдээ дахин оруулах гэж дайтав. Хотуудыг эзлэвч бүхэл орныг эзлэж чадахгүй байсаар 1949 онд олон улсын буруушаалт, дарамтанд аргагүй дийлдэн тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрсөн.[34][37] Тэгэхдээ Нидерландын Шинэ Гвинейг өгөөгүй байсан бөгөөд 1962 оны Нью-Йоркийн гэрээ, 1969 оны НҮБ-ийн тогтоолоор Индонезийн харьяанд шилжжээ.[38]

Сукарно улсаа холбооноос нэгдмэл, ардчилалаас эзэрхэг дэглэмд тогтоон барьж, сөргөлдөгч цэргийнхэн болон Индонезийн коммунист нам (ИКН)-ынхныг эвлэрүүлэн намжааж байв.[39] 1965 онд цэргийнхэн төрийг эргүүлж, коммунизмыг зэвсгийн хүчээр дараад (хагас сая хүн алагдсан уу?[40][41]), яллан буруутгаж байхын аргагүй болгосноор ИКН сэхээгүй.[42][43][44] Цэргийн дарга нараас генерал Сухарто 1968 оны 3 сард улсын ерөнхийлөгч болж дэвшив. Сухарто улсаа шинээр журамлаж, АНУ-аар тэтгүүлж байв.[45][46][47] Сухартогийн гучин жилд улсын эдийн засаг тэнхэрсэн, үүнд гадаадын шууд хөрөнгө оруулалт ч сайнаар нөлөөлж байв.[31][48][49] Гэхдээ түүний дарангуйлал авлигыг тэнхрүүлж, улс төрийн сөрөг бодол санааг боомилж байжээ.[31][50][51]

1997 оны Азийн санхүүгийн хямралаар Индонез их хохирсон.[52] 1998 онд газар газарт эсэргүүцлийн жагсаал, үймээн самуун дэгдэж Сухарто аргагүй огцров.[53] Индонезэд эзлэгдээд 25 жил болсны эцэст 1999 онд НҮБ-ийн дэмжлэгтэйгээр Зүүн Тимор тусгаар тогтнолын харгуйд шуударсан.[54] Индонез Сухартогоос хойш орон нутгийн эрхийг нэмэгдүүлж, 2004 онд ерөнхийлөгчөө шууд сонгосон гэх маягаар төр засгаа ардчилсаар байна. Улс төр, эдийн засаг тогтворжиж, нийгэм тайвширч, алан хядлага, авлигын тоо цөөрч байгаа. Гэхдээ 2005 онд Ачегийн салан тусгаарлах үзэлтнүүд засгийн цэрэгтэй мөргөлдөөд үзсэн.[55]

Төр засаг

Жакартад Ардын Төлөөлөгчдийн Зөвлөл хуралдаж байгаа нь

Индонез бол ерөнхийлөгчийн эрх мэдэл давамгайлсан бүгд найрамдах засагтай, төв засгийн газартаа эрх мэдэл базагддаг нэгдмэл төрийн байгууламжтай улс юм. Гучаад жил эрх барьсан Сухарто 1998 онд огцорсны дараа төр засаг нэлээд шинэчлэгдсэн. 1998-2001 оны хооронд үндсэн хуулиа дөрвөн удаа хэсэгчлэн зассан.[56] Төр улсын тэргүүн, зэвсэгт хүчний ерөнхийлөгч командлагч бөгөөд дотоод гадаад хэрэг, бодлогыг зангидагч нь улсын ерөнхийлөгч. Сайд нарын зөвлөлийг ерөнхийлөгч томилно. 2004 онд анх удаа ард түмэн улсынхаа хоёр ерөнхийлөгчийг анх сонгожээ.[57] Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 5 жил, дараалан ахин нэг удаа сонгогдох боломжтой.[58]

Индонез улсын хурлыг Ардын Зөвлөлдөх Хурал (АЗХ, People's Consultative Assembly) гэнэ. АЗХ нь үндсэн хуулийн өөрчлөлтийг батлах, шинэ ерөнхийлөгчийг батлах, улсын бодлогийг өргөнөөр тодорхойлох мэтийн үүрэгтэй. Мөн ерөнхийлөгчийг буруутгах эрхтэй.[59] Дотроо 560 суудалт Ардын Төлөөлөгчдийн Зөвлөл (АТЗ, People's Representative Council), 132 суудалт Орон Нутгийн Төлөөлөгчдийн Зөвлөл (ОНТЗ, Regional Representative Council)[60] гэсэн хоёр танхимтай. Хууль цааз батлах, бүх шатны засгийн газрыг (хэрэгжүүлэх байгууллага) хянах үүрэг АТЗ-д оногдоно. Сонгогчид намд саналаа өгч, намууд цуглуулсан саналын хувиараа АТЗ-д суудал эзлэдэг.[61] 1998 оны шинэтгэлээс хойш АТЗ-ийн эрх үүрэг мэдэгдэхүйц нэмэгдсэн.[62] ОНТЗ болохоор сүүлд орон нутгийн хөгжлийг зөв залахад чиглэн байгуулагджээ.[63]

Орон нутаг

Банка-
Белитун
Бенкулу
Иогякарта
Өрнөд Нуса
Тенгара
Дорнод Нуса
Тенгара
Дорнод
Калимантан
Умард
Малуку
Горонтало
Өмнөд
Сулавеси
Дорнод-Өмнөд
Сулавеси
Малуку
Өрнөд
Папуа
Папуа

Индонез улсын газар нутаг олон түвшинд шатлан захирагддаг. Дээд гурван түвшнийг нь л анхаарахад хангалттай.

  • I зэрэгт муж (индонезээр provinsi) гэх зүйлийн нэгж байна. Одоогийн байдлаар Индонез 33 мужтай.
  • II зэрэг буюу мужийн доорх нутаг нэг бол хот (kota - кота) эсвэл хошуу (kabupaten - капубатен) байна.
  • III зэргийн нэгжийг нь индонезээр kecamatan гэнэ. Монгол хэлтэнд энэ нэгж тийм ч сонин биш байх болохоор кечаматан
    гэж галиглахад буруудахгүй биз дээ. Эсвэл хошууны доорх нэгж юм чинь сум гэвэл зохино.

33 муж

Онцгой эрхтэй таван мужийг *-оор тэмдэглэв.

Суматра арлын 10 муж

Жава арлын 6 муж

Бага Зондын арлуудын 3 муж

  • Бали (Bali)
  • Өрнөд Нуса Тенгара (Nusa Tenggara Barat)
  • Дорнод Нуса Тенгара (Nusa Tenggara Timur)

Калимантан арлын 4 муж

Сулавеси арлын 6 муж

Малуку арлуудын 2 муж

  • Малуку (Maluku)
  • Умард Малуку (Maluku Utara)

Шинэ Гвиней арлын 2 муж

  • Өрнөд Папуа* (Papua Barat)
  • Папуа* (Papua)

Газар орон

Индонезийн газрын зураг

Ө.ө. 11° – х.ө. 6°, з.у. 95° – 141° хооронд Индонез орон бүхлээрээ багтдаг. Экваторын хоёр талд бүгд 17,508 аралтайгаас 6 мянга нь л хүнтэй.[64] Эднээс Жава, Суматра, Калимантан (Малайз, Бруней улстай хуваадаг), Шинэ Гвиней (Папуа-Шинэ Гвиней улстай хуваадаг), Сулавеси гэсэн таван томыг онцлох хэрэгтэй. Индонез улс Калимантан арал дээр Малайзтай, Шинэ Гвиней арал дээр Папуа-Шинэ Гвинейтэй, Тимор арал дээр Зүүн Тимортой хил залгадаг бол Сингапур, Малайз, Филиппин, Палау, Австралитай далай тэнгисийн усаараа хаяалдаг. Хамгийн олон хүнтэй хот нь нийслэл Жакарта. Залгуулаад бичвэл Сурабая, Бандун, Медан, Семаран гээд томоохон хотууд байдаг.[65]

1,919,440 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай Индонезэд нэг км-т 134 хүн ноогддог. Харьцуулвал дэлхийн 16-р том газар нутагтай орон, 79-р нягт шигүү суурьшилт улс нь Индонез юмсанжээ.[66][67] Тэр дотроо дэлхийн арлуудаас хамгийн олон хүнтэй нь болох Жавад нэг км-т 940 хүн ноогдоно.[68] Хамгийн өргөгдсөн газар нь Папуа мужийн нутагт байгаа Пунчак Жая уулын оргил (д.т.д. 4884 м), хамгийн том нуур нь Суматра арлын 1,145 км2 талбайт Тоба нуур юм. Махакам, Барито гэх мэт Калимантан арлын гол мөрд хамгийн уртад тооцогдоно.[69]

Индонезийн галт уулс

Номхон далайн, Евразийн, Австралийн гурван техтоник хавтны уулзвар зааг дээр Индонез байрладаг. Тиймээс ч 19-р зуунд сүйд хийж асан Кракатоа, Тамбора хоёрыг оруулаад цөөндөө л гэхэд 150 гаруй галт уул үе үе идэвхждэг.[70] Саяхан л гэхэд 2004 оны цуут цунами 167,736 хүнийг нь урсгаж[71], 2006 оны Иогякартын газар хөдлөлт 5,782 хүнийг үхүүлсэн гайтай. Гэлээ ч галт уулын бялхдас газрыг үржил шимтэй болгодог учир Жава, Балид хүн хамгаас олноор суурьшжээ.[72]

Экваторын дагуу байршдаг тул борооны, хуурай хоёр улиралтай, халуун орны уур амьсгалтай. Эрэг хавийн нам газраар жилд 1,780–3,175 мм, уулархаг нутгаар 6,100 мм хүртэл хур буудаг. Суматрын өрнөд эрэг, өрнө Жава, Калимантан, Сулавеси, Папуагийн уулархаг нутгаар хур бороосог. Маш чийглэг, дунджаар 80%. Жилийн турш агаарын температур тогтмол, Жакарта орчмоор өдөрт дунджаар 26–30 °C халуун.[73]

Хүн ам

Мөн үзэх: Индонезийн ард түмэн
Олон ястны улсын Бали яст жаалууд

2010 оны байдлаар Индонез улсын хүн амын тоо 237.6 саяд хүрч,[74] жилд 1.9%-иар өсч байна.[75] Хүн амын 58% нь дэлхийн арлуудаас хамгийн олон хүнтэй нь гэх[68] Жава аралд оршин суудаг.[74] Гэр бүл төлөвлөх хөтөлбөр 1960 оноос эхлэн хэрэгжсээр байгаа ч гэсэн 2020 онд 265 сая, 2050 онд 306 сая хүнтэй болох төлөв харагддаг.[76]

Индонезэд 742 янзын хэл аялгуугаар ярилцдаг 300 гаран яс үндэсний хүмүүс аж төрөн суудаг.[77][78] Тэгэхдээ ихэнх нь бүр дээр үед Тайвань, Зүүн Өмнөд Азиас нүүсэн байх гэж таахуйц Австронез язгуурын хэлтэй байдаг. Дорно Индонезээр үүнээс ялгагдах Меланез язгуурын ард түмэн бас байдаг.[65][79] Нэр бүхий ард түмнээс Жава үндэстэн хүн амын 42% эзлэдэг.[80] Жавагийн араас Сунда, Малай, Мадура гэх мэт үндэстэн ч юм шиг, ястан ч юм шиг саяаас олон хүнт арваад ард түмэн байдаг. Мөн 8 сая Хятад, 5 сая Араб гэх мэтээр хаа хол хальж очсон үндэстэд ч байна. Шинээр нэгдэж томорсон улс, хэдэн зуун цөөн тоот ястны орон болохоор ч тэр үү иймэрхүү нутгийн ялгааг давж хараад "Индонез" [үндэстэн] гэж өөриймсөх сэтгэлгээ ард түмнийх нь дунд хэдийнээ дэлгэрчээ.[81] Ийм эв найртай нийгэм бүрдсэн ч гэсэн зарим газар соёл, шашин, ястнаараа мөргөлдөх явдал гарч л байдаг.[82][83][84] Эндхийн Хятадууд сэргэлэн гарууд байж баялгийг нэлээд хуримтлуулсан, олон пүүс компанийг эзэмшдэгт[85][86] зөвхөн Индонезэд л байдаг ард түмэн сэжиглэн дургүйцэж зодолдож нүдэлцээд авсан нь цөөнгүй.[87][88][89]

Жохорын султант улсын үеэс Индонезийн арлуудын ард түмний хоорондоо ойлголцох хэл болсоор ирсэн Малай хэлний чухал нэгэн аялгуу байдаг. Энэ аялгуунд суурилсан Малай хэлийг Сингапур, Малайз, Бруней, Индонез дөрвөн улсад албан ёсны хэл болгожээ. Тэгэхдээ нэр нь өөр. Индонезэд үүнийг Индонез хэл (Bahasa Indonesia) гэж заадаг. Ер нь Индонезийнхэн бүгд л энэ хэлээр ярилцдаг, Индонезэд энэ хэл ажил хэрэг, улс төр, хэвлэл мэдээлэл, боловсрол гээд бүх салбарт өөр ямар ч хэлнээс илүү сонсдоно. Гэхдээ л нөгөө ястан үндэстнээрээ ард түмний хэл ялгаатай. Хүмүүс 742 янзын хэл аялгууныхаа нэгийг өөрийн төрөлх хэл гэж боддог. Үүнээс мэдээж Жава хэлийг хамгийн олуулаа тээж яваа.[90] Папуад харьцангуй цөөн буюу 2.7 сая хүн байдаг мөртлөө бүр [зарим нь Папуа төрлийн, зарим нь Австронез төрлийн] 242 янзаар хэлж ярьцгаадаг.[91]


Индонезийн үндсэн хуулинд шашин шүтэх нь хүний дур зоргынх[92] гэсэн мөртлөө өөр баримтаар Ислам, Протестант, Католик, Хиндү, Буддын шашин, Күнзийн суртал зургааг албан ёсны гэж онцлон батласан байх юм.[93] 2000 оны тооллогийг үндэслэхэд Индонезийн ард түмний 86.1% нь Ислам шашны Сунни дэгтэй. Ингэхэд Индонез улс Исламын улс биш боловч хамгийн олон Ислам шүтлэгтэн (хотон хүн)-тэй улс юм байна гэж ойлгогдоно.[90] Хиндү шашинтны олонх нь бали, Буддын шашинтны олонх нь хятад.[94] Хэдий цөөн шүтэн бишрэгчтэй ч Хиндү, Будда хоёр шашин Индонезийн соёлд их л нэвчжээ. Ислам нь худалдаачдын чармайлтаар 13-р зуунд умар Суматрад нэвтрээд 16-р зуун гэхэд Индонез орны зонхилох шашин болсон.[95] Харин Католик шашныг Португалийн авралын зар тараагчид, колончлогчид эхлүүлсэн[96][97] бол Протестант нь Нидерландын эзэмшилд байх үед Калвинч, Лютеранч номлогчдын тарьсан үр юмсанжээ.[98][99][100]

Зургийн цомог

Зүүлтийн тайлбар

Цахим холбоос